Thursday, May 28, 2009

2009.05.27-ний манай клубын уулзалт

Бидний энэ удаагийн уулзалт маань маш сонирхолтой, сэтгэлд хоногшихоор болж өнгөрсөнийг хамгийн түрүүнд онцлон тэмдэглэмээр байна.


2009 оны 5-р сарын 27-ны Лхагва гарагт манай уулзалтын зочноор Дуурь бүжгийн эрдмийн театрын менежер Х.Баттуяа /Туул ротарактын гишүүн/, балетын авьяаслаг гоцлооч, СТА, Г. Батчимэг нар хүрэлцэн ирсэн юм.



Уулзалтаар удахгүй УДБЭТеатрын тайзнаа болох гэж буй "Риминий Франческа" балет, УДБЭТеатр, болон үзвэрийн үед үзэгч хэрхэн биеэ авч явах талаар сонирхолтой яриаг бидэнтэй өрнүүллээ.



УДБЭТеатрын тайзнаа 2009.05.31-ний өдрүүдэд П.И. Чайковскийн "Риминий Франческа" балет 3 дахь удаагаа шинэчлэгдэн тоглогдох бөгөөд энэ удаагийн шинэчлэлийг СУИС-ын ТУФ-ын төгсөх курсын оюутан ДБЭТ-ын балетын авьяаслаг гоцлооч, СТА, Г. Батчимэг /зочин/ дэглэн найруулан тавих гэж байна. Г.Батчимэг нь 1984 онд Улаанбатар хотод төрж 1996 онд ХБК-ийн сонгодог бүжгийн ангид элсэн орж УГЖ Т. Туул багшийн удирдлагаар балетын жүжигчин мэргэжил эзэмшин 2003 онд төгсчээ. 2003 оноос одоог хүртэл УДБЭТ-д балетын жүжигчин, балетын гоцлоочоор ажиллаж байна. 2005 онд СУИС-ын ТУФ-ын балетын найруулагч, багшийн ангид элсэн орж МУХБ, АЖ, ТШ-т Б.Жамъяндагвын удирдлагаар энэ онд Сонгодог бүжгийн багш, дэглээч мэргэжлээр төгсөж 2007 онд “Соёлын Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан. Мөн “Khongor’s ballet school”-д мөн багшилдаг ийм нэгэн авьяаслаг, даруухан, хөөрхөн бүсгүй байлаа.



Тэрээр “Хунт нуур” балетын Оделлия, Одетта, “Жизель” балетын Жизель, “Копеллия” балетын Сванильда, “Бахчисарайн оргиололт булаг” балетын Мария, “Дон Кихот” балетын Китри, “Щелкунчик” балетын Маша болон “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа, Хоролмаа,“Уран Хас” балетын Хандармаа, “Чойжид дагина” балетын Чойжид дагина, “Гэсэр Номун Хан” балетын Арлангуа зэрэг үндэсний болон сонгодог балетуудын гол дүрүүдийг бүтээжээ. Мөн “Рахманинов”, “Нойрссон гүнж” “Модерн” балетуудын гоцлолыг тайзнаа тогложээ. 2004 онд Олон улсын “Алтан хараацай” уралдааны хүрэл медаль хүртсэн, Болгарын Варнагийн ОУ балетын конкурс, ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Олон улсын балетын фестивальд оролцож байжээ. Ингээд Батчимэгтээ цаашдын ажил үйл, амьдрал, уран бүтээл нь хамгийн сайн сайхан бүхийг бүх клубынхээ нийт гишүүдийн өмнөөс хүсье.


"Риминий Франческа" балетыг Италийн агуу их зохиолч Алигьери Дантегийн "Тэнгэрлэг комеди" гэсэн суут зохиолын 5-р дууллаас сэдэвлэн авч бүтээжээ. Оросын нэртэй хөгжмийн зохиолч П.И. Чайковский "Франческа да Риминий" гэсэн сэдэвт уран сэтгэмжийн симфонийг анх 1877 онд Москва хотноо тоглуулжээ. Энэ баллет нь Монголын тайзнаа 3 дахь удаагаа шинэчлэн тавигдах гэж байгаа нь энэ бөлгөө. Үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


Мөн энэ өдөр Жаминдагва багшийн найруулан тавьсан “Эрдэнэсийн охид” баллет тавигдах юм.


Үзвэрийн үед үзэгч хэрхэн биеэ авч явах вэ?


Театрын хаалгаар орж ирэхээс авахуулаад дуусах хүртэл ном бичиг цаасан дээр тэмдэглэгдээгүй, бичигдээгүй хэд хэдэн гол зүйлсийг та бүхэнд хүргье. Мөн та бүхэн өөрсдийхөө санаа оноог нэмнэ бизээ.




  • Хаалганы босго акустикийн дугаралтыг ойлгодог учир хаалганд босго байдаггүй.

  • Тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирж өөрийгөө бэлдэн тухайн өдрийн театрын галлерейтэй танилцаж суудлаа эзэлдэг.

  • Тасалбарыг эрэгтэй нь шалгуулж ордог бөгөөд ямагт Ladies first байдаг.

  • Тоглолт болгон өөр өөрийн өнгө аятай, онцлогтой байдаг бөгөөд энэ нь манайд эхэлж байгаа. Тухайлбал Кристиан Диортой хамтран Дон Кихотын улаан, хар хосолсон үдэш, Хар цагаан хосолсон үдэш зэрэг арга хэмжээнүүдийг эмэгтэйчүүдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр хэрэгжүүлж байсан. Тийм учраас үзвэр үзэхээр очихдоо өнгө, онцлогийг нь лавлаж байгаарай.

  • Үзэгч өлгүүрт хувцасаа өгөх бөгөөд таны хувцас өлгүүргүй бол бүдүүлэг хэрэг болно. Өлгүүрт хувцасаа өгөхдөө ороолт, малгайгаа тусдаа өгдөг. Бид Монгол хүн учраас энгэрийг нь зөрүүлэн нэг гараа өлгүүрээс, нөгөө гараараа хувцасны доод талаас барин өлгүүрчиндээ өгч заншаарай.

  • Мөн үзвэр үзэхээр ирэхдээ хамрын ханиадтай, шуухатнаатай бол бусад хүмүүст саад болох учир ирэх эсэхээ бодолцож үзэх хэрэгтэй.

  • Үзэгч үзвэр үзэхээр орохдоо зөвхөн өлгүүрийн хажуугийн толинд өөрийгөө харж цэгнэн хувцасаа янзалдаг. Түүнээс энд тэнд очоод хувцасаа янзлаад байх зохимжгүй.

  • Эмэгтэйчүүд театрт очихдоо театрын цүнх буюу жижиг цүнхээр гаргарах ёстой. Том цүнхтэй бол томоохон театрууд оруулдаггүй гэнэ шүү.

  • Танхим маань гол танхим, лоож, бэльэтаж гэсэн гурван хэсгээс бүрддэг. Лоожод сууж байгаа бол урд талын хөндлөвч /юу гэдгийн нь сайн мэддэггүй ээ/ дээр гараа тавьдаггүй. Мөн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй хөлөө ачиж суудаггүй.

  • Хэрэв та тоглолт эхэлсэн хойно орж ирвэл таны суудал гол танхимд бол өөрийнхөө суудалдаа очихдоо хүмүүсрүү хэзээ ч битгий нуруугаа харуулж яваарай. Нүүрээ харуулан хүмүүстэй зөрөх хэрэгтэй, сууж байгаа бол мөн адил орж ирж байгаа хүнд босч зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.

  • Театрт хана, багана налж зогсдоггүй.

  • Алгаа гурван янзаар ташдаг. Хагас – Англи маягийн эхэмсэг ташилт, Дунд, Mass – эмоцитой, орос маягийн ташилт.



Энэ дашрамд хэлэхэд Сонгодог урлагт хайртай, хамтран ажиллах сонирхолтой хүмүүс УДБЭТеатрын менежер Х.Баттуяа хамтаран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэж хэлсэн юм.

No comments:

Post a Comment