“ЭРГЭЛТ –ээр ИТГЭЛ –ийг” төсөл
Энэхүү төсөл нь манай Улаанбаатар Ротаракт клубын санаачлагаар 2010 – 2011 онд цоо шинээр эхэлж байгаа үйл ажиллагаа бөгөөд төслийн гол санаачлагч нь клубын энэ оны Ерөнхийлөгч ноён Мөнхбаяр юм.
Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын дүүргүүдийн болон клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч амьжиргааны түвшин доогуур иргэд болон эргэлт ирдэггүй ганц бие хүмүүсийг эргэх юм. Эдгээр хүмүүсийг хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нь эргэснээр сэтгэлийн урам зориг, итгэлийг өгч ямарч төрлийн өвчтэй байсан хурдан эдгэрэх, бие нь тэнхрэх зэрэг эерэг үр дүн гарна гэж бидний зүгээс үзэж байна.
Төсөл нь олон үе шаттай явагдах бөгөөд хамгийн эхний үе шат нь 2011 оны 02 сарын 12 –ны өдөр явагдаж өнгөрлөө. Энэ нь нэгдүгээр эргэлт байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг сонгон эргэх үйл ажиллагаагаа явуулсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй амьжиргааны түвшин доогуур болон ганц бие өвчтөнгүүдээс хамгийн хүнд өвчтэй болон эргэлт ирдэггүй гэсэн 12 хүнийг сонгон авч эргэсэн юм.
Энэхүү эргэлтээр дээрх хүмүүст ямар их сэтгэлийн дэм, итгэл өгч байгаа нь тэдний хүлээж авч байгаа байдлаас шууд мэдрэгдэж байлаа. Бидний эргэсэн хүмүүсийн сэтгэгдлээр бидний ажлын үр дүн гарсан бөгөөд хэзээ ч хэнээс ч авч байгаагүй тийм их сайхан мэдрэмж, сайхан сэтгэгдлийг бид бүхэнд үлдээсэн.
Эргэлтээ хийхдээ бид өвчтөнгүүдэд сүүтэй цай болон хүнсний бүтээгдэхүүнийг сонгон өгсөн нь бүгд эрүүл, чанарын баталгаатай бүтээгдэхүүн байсан.
Төслийн санхүүжилтийг бид “Игүчи” сангаас гаргаж байгаа 2011 оны хуанлиг худалдан зарж борлуулсан үнийн дүнгийн тал хувиар санхүүжүүлж үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
Цаашид энэхүү ЭРГЭЛТ –ээр ИТГЭЛ –ийг төсөл маань улам олон хүнийг хамарч, очсон хүн бүртээ сэтгэлийн асар их дэм, итгэлийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн дан ганц манай клуб гэлтгүй бусад Ротаракт клубуудыг ч энэхүү сайн үйлсийн аяндаа татан оролцуулах болно.
No comments:
Post a Comment